Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон Улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газар болон Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ)-тай хамтран “Монгол Улсын тогтвортой цахим худалдаа, тээврийг хөгжил” сэдэвт семинарыг 2024 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын байранд амжилттай зохион байгууллаа.
Тус семинар нь худалдаа, тээврийн салбарыг цахимжуулахад учирч буй сорилтуудыг шийдвэрлэх, технологийн дэвшлийг хөшүүрэг болгох асуудлаар оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд семинарт цахим хөгжил, худалдаа болон зам тээврийн салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, төр засгийн байгууллагын төлөөллөөс гадна эрдэмтэн судлаачид, салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд мөн оролцлоо.
Семинар нь гурван хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт “Зам тээврийн салбарын цахимжуулалт“ сэдвээр Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Доктор (Ph.D), Зөвлөх инженер Д.Гэрэлням, “Монголын тээврийн салбарт тулгарч буй бэрхшээл” сэдвээр Монголын тээвэр зуучлагдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан, “Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын бэлэн байдал” сэдвээр Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази Номхон далай, Зүүн өмнөд Азийн бүс нутгийг хариуцсан төлөөлөгч Ерабала Кишоре Бабу нар тус тус илтгэл тавьлаа.
Хоёрдугаар хэсэгт Цахим хуурай боомтыг хөгжүүлэх сэдвийн дор өрнөсөн ба цахимжсан хуурай боомтыг хөгжүүлэх талаар НҮБ-ын Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Федор Кормилицын, Хуурай боомтыг цахимжуулахад цахим гаалийн гүйцэтгэх үүргийн талаар ГЕГ-ын Мэдээллийн технологийн газрын Гаалийн ахлах ажилтан Н.Мөнхзул нар илтгэл тавив.
Семинарын гурав дугаар хэсэг нь Дамжин өнгөрөгч болон худалдааны түнш орнуудтай цахим хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвийн дор өрнөсөн ба Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга Г.Өлзийсайхан, НҮБ-ын Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Худалдааны бодлого болон худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ян Дувал, ажилтан Федор Кормилицын нар илтгэл тавьсан.
Тус семинарын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон “Их Түмэн Санаачилга” байгууллагын ахлах зөвлөх Жун Хо Шин, АХБ-ны Төв ба Баруун Азийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бүсийн дарга Лязиза Сабырова, Туушин компанийн дэд ерөнхийлөгч Б.Пүрэвчулуун, Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, НҮБ-ын Ази Номхон далайн нийгэм эдийн засгийн комиссын Худалдааны бодлого болон худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ян Дувал нарт талархал илэрхийлж байна.
Түүнчлэн бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилдаг НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Инновацийн газрын дарга Б.Бат-Өлзий нарт талархал илэрхийлье.